2024-05-18

ГУРВАН СУМ ХӨДӨЛМӨР ЗУСЛАН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЖЭЭ

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл”-ийг дэмжих зорилтот жилийн ажлын хүрээнд  “Хөдөлмөр зуслан” хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрийн уралдааныг зохион байгуулсан.

 Хүүхдийн зуслан нь сурагчдад хөдөлмөрөөр дамжуулан амьдрах ухааны боловсрол олгох, хамтач, бүтээлч, шинийг санаачлагч, хөдөлмөрч, идэвхтэй иргэн болгон хөгжүүлэх, төлөвшүүлэх, амьдралд бэлтгэх зорилготой юм. Тус уралдаанд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 31 сургуулийн багш, удирдлага, 7-9 дүгээр ангийн сурагчид, эцэг эх, иргэд олон нийт хамрагдах боломжтой байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас Богд, Төгрөг, Уянга сумын 4 сургууль оролцсон байна.

Богд сумын сурагчид “Хөдөлмөр зуслан” хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд гэр барих, дээс томох, сур элдэх, хурга ноослох, бууц хөр ховхлох, ургамал ногоо таних, ой хээр, тал хээр, ууланд түгээмэл ургадаг, өдөр тутамдаа таарч байдаг ургамалуудыг нэрлэж сурчээ.

Харин Төгрөг сумын сурагчид Мазар баг дээр газар тариаланд суралцаж, хүнсний ногоо, хүлэмжний ногоо, тариалалт, арчилгаа усалгаа, чацаргана хураалт, ноос, ноосон бүтээгдэхүүн урлал, түүдэг хийх, ноос ээрэх, ээрсэн утсаараа ширмэл ширэх, дээс томох болон малын гэдэс арилгах уламжлалт арга, урлаг соёлын арга хэмжээ, спортын арга хэмжээ зэргийг зохион байгуулжээ.

Уянга сумын хувьд ерөнхий боловсролын 1,2 дугаар сургуулийн 7-9 дүгээр ангийн 36 сурагчид 7 хоногийн хугацаатай 3 ээлж хичээллүүлэн хувь хүний хөгжил, амьдрах ухаан, мал маллагаа, сүү цагаан идээ боловсруулах, байгаль, эх дэлхийгээ хайрлан, хамгаалах зэрэг чиглэлээр нийт 7 удаагийн сургалт, хүмүүжлийн ажлууд явуулжээ.

Ийнхүү хүүхдүүд зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар өөртөө итгэлтэй, бие даах, багаар ажиллах, бие биедээ туслах, дэмжих, урамшуулах, амьдрах ухааны чадваруудад хамтдаа суралцаж чадсан юм.